4.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 21, 2024
spot_img

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа албан болон албан бусаар нийт нэг сар үргэлжилнэ

УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд баримт бичгийг нь хүргүүлж эхлээд байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх ажиллагааны хугацаа дууссанаас хойш гурав хоногт багтаан баримт бичгийг бүрдүүлж СЕХ-нд хүргүүлнэ хэмээн заажээ. Харин СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Хуулийн дээрх заалтын дагуу тавдугаар сарын 5-н хүртэлх хугацаанд СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах нь. Ийнхүү 8-ны дотор тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлаар тогтоол гаргах юм байна.

Нам, эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тавдугаар сарын 8-н гэхэд албан ёсоор тодорсон байна.

Гэхдээ СЕХ-ноос тавдугаар сарын 24-н хүртэлх 16 хоногийн хугацаанд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах боломжгүй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.7-д “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ.

Хуульд заасан санал авах өдрөөс 16 хоногийн өмнө гэдэг нь тавдугаар сарын 24-н юм. СЕХ энэ хугацаанд санал авах бэлтгэл ажлыг хангах аж.

Харин нэр дэвшигчдийн хувьд тавдугаар сарын 8-24-н хүртэлх хугацаанд албан бусаар сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхлэх нь гарцаагүй.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан бусаар болон хуульд заасан албан ёсны хугацаагаар тооцоход нэг сар орчим үргэлжлэх нь.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ шийднэ

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхээ 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр тогтсоноо зарласан.

Харин хоёр дарга, хоёр тамга тэмдэгтэйгээр үйл ажиллагаа явуулж буй АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэх болсноо зарлаад буй.

УИХ-д суудалтай улс төрийн гурав дахь хүчин болох “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн.

Тэднээс АН-ын гэх тодотголтой хоёр нэр дэвшигчийн хэнийг СЕХ бүртгэх бол гэдэг хүлээлт нийгэмд үүсээд буй. СЕХ-ноос энэ талаар тодруулахад “Бид хувь хүнийг нь бус баримт бичгийг л нягтална. Манайд ирүүлсэн бичиг баримт болон холбогдох байгууллагуудын лавлагаан дээр үндэслэж шийдвэрээ гаргана” гэсэн юм.

Тэгвэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын мэдээлэлд АН-ын даргын нэр хоосон байгаа.

Өмнө нь С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Улсын дээд шүүх тус тус бүртгэхээс татгалзсан. Мөн дараа нь намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзсан юм. Өөрөөр хэлбэл, УДШ-ээс АН-ыг дотроо учраа ололц гэсэн.

Гэвч тус бүрдээ дарга, тамга тэмдэгтэй болсон АН-ынхан учраа ололцох нь бүү хэл, тус бүрдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулав. Энэхүү ээдрээтэй асуудал даамжирсаар АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болох уу, эсвэл аль нэг талынх нь нэр дэвшигчийг бүртгэх үү гэдгийг энэ сарын 8-нд багтаан СЕХ шийдэх болоод байна.

Related Articles

Таны IP Хаяг: 3.145.39.176

4 СЭТГЭГДЭЛҮҮД

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img